• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Үхрийн ринотрахеит өвчин


1.    Тодорхойлолт: Өсвөр насны үхрийн ам, хамар, нүд болон амьсгалын дээд замын салст бүрхүүл үрэвсэх, халуурах, ханиах, үнээ болон бухны үржлийн эрхтний салст бүрхүүлд цэврүүт яршил үүсэх шинжээр илэрдэг вирусийн хавьтал халдварт өвчин юм.

2.    Үүсгэгч: Герпесвирусийн язгуурын варицеллавирусийн төрөлд хамрагдах ДНХ агуулсан, 6 талт уурган бүрхүүл бүхий 32 капсомертэй 80-170 нм–ын урттай вирус юм.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Энэ вирус нь –60–70оС–д 7–9 сар, - 20–30оС-д  4–5  сар, 56оС-д 20 минут, 37оС-д 4–10 хоног 22оС-д 50 хоног идэвхээ хадгална. Вирус формалины 1:500 уусмалд 24 цаг, 1:4000 уусмалд 46 цаг 1:5000 уусмалд 96 цагийн дараа, ацетон, эфир, хлорфром, этилийн спиртэнд идэвхээ богино хугацаанд алдана. Вирус хүчиллэг орчинд тухайлбал pH  6–д 9 сар хүртэл хугацаанд идэвхээ хадгална. Өвчлөөд эдгэрсэн малын баас, шээс, нус, шүлсээр вирус 14–21 хоног гадагшлах бөгөөд хөрс, ус, ургамал малын хэвтэр, бууц болон өвчтэй малын тоног хэрэгсэлд 21–30 хоног идэвхтэй байна. Харин нарны шууд гэрэл, хэт ягаан туяанд 3–5 хоногийн дараа идэвхээ алдана.

3.    Халдвар тархах зам: Вирус агаар дусал, хавьтал, тэжээл боловсруулах болон бэлгийн замаар дамжин халдварлана. Халдварын эх булаг нь өвчтэй, өвчлөөд эдгэрсэн үхэр болон вирусээр бохирлогдсон ус, тэжээл, хашаа, саравч, тоног хэрэгсэл, өвчтэй малтай харьцаж байсан хүний гутал, хувцас, бээлий, багаж, тээврийн хэрэгсэл зэргээр дамжин халдвар тархах аюултай.

4.    Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 5–7 хоног байх бөгөөд цочмог, цочмогдуу явцтай байна. Энэ өвчний үед амьсгалын дээд замын салст бүрхүүл улайж үрэвсэн шингэн нус, шүлс ихээр гоожих, халуурах, ханиах, үнээний үтрээний салст бүрхүүлд цэврүүт яршил үүсэх, хээл хаях, хаг саатах, бухны үржлийн эрхтний салст бүрхүүлд гүвдрүүт яршил үүсэх, нялх тугал, өсвөр насны үхрийн үе мөч хавдах, доголох, халуурах, тэжээл усандаа дургүй болох, өсвөр үхрийн нүдний салст бүрхүүл үрэвсэх, нулимс гоожих, нуухтах, нүдний эвэрлэг бүрхүүл цийх, нялх тугалд тархи нугасны үрэвсэл үүсэх, халуурах, үе мөч саажих зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Өвчний эхний үед ам, хамрын салст бүрхүүл улайж үрэвсэн биеийн халуун 40–410С хүртэл нэмэгдэх, ус тэжээлдээ дургүй болох, үс, өнгөө алдах, ханиах, заримдаа цус залхагтай чацга алдана. Мөн үнээний дэлэн үрэвсэх, хавдах, сүү нь татрах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана. Амьсгалын замд их хэмжээний салслаг шингэн хуримтлагдснаас амьсгал давхцаж өнгөц болон амаараа амьсгална. Өвчин хүндэрсэн үед хэвтэх бөгөөд ихэвчлэн хоёрдогч уушиг, мөгөөрсөн хоолойн үрэвслийн улмаас болж үхэх тохиолдол зонхилдог байна.

5.    Эмгэг бие бүтцийн хувиралт: Өвчин амьсгалын дээд замын салст бүрхүүл үрэвсэх шинжээр илэрсэн үед хамрын хөндий, тагнай, төвөнх, залгиур, цагаан мөгөөрсөн хоолойд цус харвах, салслаг шингэн хуримтлагдах, уушиг үрэвсэх, уушиг хоорондын тунгалгийн зангилаа томрох, үе мөч хавдах, нүдний салст бүрхүүл үрэвсэх, тархи, нугасанд цус харвах, хаван үүсэх зэрэг эмгэгийн хувиралтүүд ажиглагдана.

6.    Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд эцсийн оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.3.6–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд вирус ялгах болон ПГУ, ЭЛИЗА, ВСУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Ринотрахеитийн үед ам, хамрын болон тэжээл боловсруулах замын эрхтний салст бүрхүүлд яршил үүсэхгүй, зөвхөн үрэвсэл илэрдгээрээ бусад эмнэл зүйн төстэй шинж тэмдэг илэрдэг вируст диарей, иж томуу-3, шүлхий, хорт салст халуурал зэрэг өвчнүүдээс ялгаатай байна.

7.    Эмчилгээ: Энэ өвчний үед илэрч буй шинж тэмдэгт үндэслэн биеийн эсэргүүцлийг сайжруулах, шингэн нөхөх зорилгоор төрөл бүрийн бэлмэлүүдийг хэрэглэхийн дээр хоёрдогч халдвараас сэргийлэх зорилгоор малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн антибиотикуудыг хэрэглэх арга, тунгаар зааврын дагуу хийнэ.

8.    Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Үхрийн ринотрахеит гарсан хот айл, саалийн фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.