• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Үхрийн вируст диарей өвчин


1. Тодорхойлолт: Үхрийн вируст диарей нь ам, хамрын салст бүрхүүл улайж үрэвсэх, буйл, тагнай, завьж болон тэжээл боловсруулах замын эрхтний салст бүрхүүлд шархлаа, яршил үүсэх, халуурах, нус шүлс, нулимс гоожих, цус залхагтай чацга алдах шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.
2. Үүсгэгч: Флавивирусийн язгуурын пестивирусийн төрөлд хамрагдах РНХ агуулсан 120-180 кДа молекул жин бүхий 8 уургаас тогтсон байдаг.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Эфир, хлорформ, трипсинд идэвхгүйжнэ. Вирус хэт хүчиллэг (  pH 3.0 ) орчинд амархан идэвхгүйжих ба саармаг орчинд ( pH 7.0-7.4) идэвхт чанараа хадгалах бол -200 С-д н‎эг жил хүртэл хугацаанд амьд байна. Цус, уушиг, дэлүү, тунгалгийн зангилаа зэрэг эмгэгт материалд -150 С-д 6 сар хүртэл хадгалагдах ба 370 С-д 5 хоногийн дараа, 560 С- д 15 минут, нарны шууд гэрэл болон хэт ягаан туяанд 1,5-3 цаг, натрийн шүлт, формалины 1-3%-ийн уусмалд шууд идэвхээ алдана. Өвчилсөн болон эдгэрсэн мал нь 56-200 хоног вирус тээгч болдог учир үүсгэгч баас, шээс, нус, шүлс, хөлсөөр гадагшилж гадаад орчныг бохирдуулна.

3. Халдвар тархах зам: Үүсгэгчагаар дусал, хавьталын болон бохирдсон тоног хэрэгсэл, онгоц, услуур, ус, өвс тэжээлээр дамжин халдварлана. Мөн өвчтэй малтай харьцаж байсан хүний хувцас, гутал хэ‎рэ‎гл‎эж байсан тоног хэ‎рэг‎слээ‎‎р дамжиж болно. Халдварын эх булаг нь өвчтэй буюу өвчлөөд эдгэрсэн мал, амьтан байна. Энэ өвчнөөр бүх нас, хүйс, үүлдэр, насны үхэр өвчлөх боловч цэвэр, эрлийз үүлдрийн болон өсвөр насны буюу 8–24 сарын настай үхэр, сарлаг их мэдрэмтгий, хүнд явцтай өвчилнө.
4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе 2-6 хоног үргэлжлэх ба цочмог, цочмогдуу, архаг явцтай тохиолдоно. Цочмог явцтай өвчилсөн үхрийн биеийн халуун гэнэт 39.5–420С хүрч тэжээлдээ дургүй болж номойрох ба хамраас их хэмжээний шингэн гоожиж аажимдаа өтгөрч хамрын толион дээр хатаж тав үүсгэнэ. Амьсгалын тоо (48–90) олшрох, зүрхний хэм алдагдаж (80–120) байнга хэвтэнэ. Баас шингэрч хар өнгөтэй, цус залхагтай байна. Дээрх шинж тэмдгүүд 7 хоногийн турш ажиглагдах ба шингэн чацга их хэмжээгээр алдана. Чацга алдалт хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн турш үргэлжилнэ. Чацга нь хөөстэй, усан, муухай үнэртэй, салс, залхагтай байна. Өвчин хүндрэх тутам чацган дахь цусны хольц нэмэгдэнэ. Чацга алдаж усгүйжснээс биеийн жингийн 15–25 хувийг алдана. Сүү татрах, гүзээ агшихгүй болох шинжүүд мөн ажиглагдана. Халуурах, чацга алдах шинж тэмдэг илэрснээс хойш ам, хамрын толио, үтрээний салст бүрхүүлд цус ихдэлт болж 5–30 мм хэмжээтэй шархлаа үүснэ. Амны хөндий гэмтснээс шүлс ихээр гоожно. Өвчний үед үений үрэвслээс болж ихэнх мал доголно. Өвчний цочмог явц нь 2–6 долоо хоног үргэлжлэх ба ихэнх малын өвчлөл архаг явцад шилжинэ. Архаг явцтай үед тэжээлийн дуршилгүй болж биеийн өсөлт зогсож турж эцэх ба биеийн халуун үе үе нэмэгдэнэ. Сааль сүү татрах, баас нь шингэрэх шинж ажиглагдана. Өвчний шинж тэмдэг тод бус илэрдэг учир оношлоход амаргүй байдаг. Цочмогдуу явц ихэвчлэн тугалд ажиглагдана. Зарим тохиолдолд үнээ хээл хаяж болно.
5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Гол ‎эмг‎эг хувиралт нь тэжээл боловсруулах зам, тунгалгийн зангилаанд гарна. Тэжээл боловсруулах замд шархлаа, яршил үүснэ. Салст бүрхүүл хавагнаж цус харвалт, цус ихдэлт болно. Эдгээ‎р хувиралт нь хучуур эдэд тод ажиглагдана. Амны хөндий, хамрын таславч, толион дээр 1 мм–ээс том шархлаа үүснэ. Энэ гэмтэл улаан хоолойд үргэлжлэн үүссэн байна.  Ходоодны салст бүрхүүлд цус харвалт, цус ихдэлт ажиглагдана. Цутгаланд үхжсэн, цусархаг хувиралт үүснэ. Ихэнх тохиолдолд залгиур, төвөнх, мөгөөрсөн хоолойн салст бүрхүүлд цус ихдэж салсархаг шингэнтэй байна.
6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.3.5–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд вирус ялгах болон ПГУ, ЭЛИЗА, ВСУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Вируст диарей өвчний үед амны хөндийд үүссэн шархлаат гэмтэл их байх боловч хэлний дээд тал гэмтэх нь бага байдгаар салстын өвчнөөс ялгагдана. Салстах өвчний үед шүлс их гоождог бол вируст диарейн үед харьцангуй бага гоожно. Салстахын өвчний үед эмгэг бие бүтцийн хувиралт их тод илэрнэ.
Хорт салст халуурал өвчний эхний шатанд андуурах тохиолдол байж болно. Мэдрэлийн шинж, нүдний үрэвсэл, халдварлалтын хувь  бага байх, үхлийн хувь өндөр байх зэргээр хоорондоо ялгагдана.
Иж сүрьеэ өвчнөөс халдварлалтын хувь бага байх, архаг явц, баас, салст бүрхүүлийн хусдаснаас хүчилд тэсвэртэй нян илрэх зэргээр ялгагдана.

7. Эмчилгээ: Энэ өвчний үед илэрч буй шинж тэмдэгт үндэслэн  биеийн эсэргүүцлийг сайжруулах, шингэн нөхөх зорилгоор төрөл бүрийн бэлмэлүүдийг хэрэглэхийн дээр хоёрдогч халдвараас сэргийлэх зорилгоор малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн окситетрациклин, пенстреп, нитокс, фармазин зэрэг антибиотикийг зааврын дагуу хийнэ.
8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Үхрийн вируст диарей гарсан хот айл, саалийн фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.