Мөнгөн усыг латинаар “hydrargyrum” гэдэг. Энэ нь шингэн мөнгө гэсэн утгатай. Мөнгөн ус нь (Hg) уснаас 13.5 дахин хүнд шингэн металл бөгөөд хайлах температур нь хасах 38.830C байдаг. Иймээс маш урсамтгай, ууршимтгай, шингэмтгий учир хөрс шороо, мод, өвс ургамал, төмөр зэрэгт шингэнэ эргээд ууршина. Ийм онцлог шинж чанартай тул судалгаа шинжилгээний бодит үр дүн гаргахад нэлээд төвөгтэй хөрөнгө мөнгө их шаарддаг. Бид мөнгөн усыг амьдрал ахуйдаа нэлээд өргөн хэрэглэдэг. Жишээлбэл термометр, батарей, өдрийн гэрэл, шүдний ломбоны материал, алт ялгаж авах гэх мэт. Магадгүй таны зүүж яваа алтан ээмэг, бөгж, гинжийг мөнгөн усаар ялгаж авсан байж ч болно.
Мөнгөн усаар хордохыг 1956 онд Японы Кюшү арал дээрх Минамата хотод оношлож тухайн үедээ Минамата өвчин гэж нэрлэж байжээ. Тус хотын химийн үйлдвэр хаягдлаа далайд хаядаг байснаас тэнд амьдардаг, далайгаас хоол хүнсээ залгуулдаг олон мянган япончууд мөнгөн усаар хордож амь насаа алджээ. Минамата өвчин нь Метилийн мөнгөн уснаас үүдэлтэй, хордлого нь төв мэдрэлийн системийг эмгэгшүүлэн улмаар генийг гэмтээн удамшин дамжидаг юм байна.
Мөнгөн ус нь амьсгалын замаар болон арьсаар нэвчих, хоол хүнсээр дамжих зэргээр хүн, мал амьтны биед нэвтрэн орж төв мэдрэлийн болон амьсгалын тогтолцоо, бөөр, нүд, арьс салстыг гэмтээн, удмын санд нөлөөлөх зэргээр удаан хугацаагаар хордуулдаг.
Мөнгөн ус нь дан болон нэлээд хэдэн нэгдлийн байдлаар оршино. Тэдгээрийн хордуулах тун, хордлогын механизм өөр өөр байдаг. Жишээ нь дан мөнгөн ус нь арьс болон ходоод гэдэсний ханаар нэвчих чадвар нь харьцангуй муу. Тиймээс ч санаандгүй байдлаар залгисан шингэн мөнгөн ус (халууны шилэн дэх) тэр даруй хордуулдаггүй байна. Энэ байдал нь мөнгөн ус хоргүй гэхөөрөгдөлд хүргэдэг байж болох юм. Харин удаан хугацааны дараа нөхөж болшгүй гарз, хор хөнөөл учруулна. Ялангуяа мөнгөн усны уур, түүнийг халаах явцад үүссэн исэл хэмээх нэгдэл нь арьсаар нэвчих чанар, хордуулах чадвар хэд дахин илүү. т
Мөнгөн усаар хордсон үед ханиалгах, хоолой хорсох, амьсгал боогдох, давчдах, бөөлжих, төв мэдрэлийн системийн зүгээс толгой өвдөх, бие сулрах, нүд бүрэлзэх зэрэг шинжүүд илрэнэ. Хэд хоногийн дараа мөнгөн ус бүх биеэр тархсаны улмаас дээрх шинжүүд давтагдахаас гадна шүлс ихээр ялгарах онцлог шинж нэмэгдэн, цаашилбал бөөр болон тархины эд эсүүд ихээр хордож гэмтэнэ.
Ууршисан мөнгөн усаар их хэмжээгээр амьсгалж хордох үед хэдхэн цагийн дотор цээж хөндүүрлэн, хуурай ханиалган халуурч, дагжин чичирч, толгой өвдөнө. Ийнхүү биеийн байдал эрс муудсаар амьсгалын дутагдалд орж үхэлд хүрнэ. Амьсгалаар хордох нь хүн, мал амьтан түүний мэдрэмтгий чанар биеийн жинтэй шууд холбоотой тул нялх болон өсвөр насны хүн, амьтанд илүү аюултай.
Мөнгөн усаар удаан хугацаанд юм уу, эсвэл ойр ойрхон их бага хэмжээгээр өртөөд байвал хорт бодис биед хуримтлагдан, эд эрхтэнг гэмтээнэ. Шинж тэмдгүүд нь чичрэх, тайван бус байдал, сэтгэл зовнил ихсэх, сэтгэлийн хөдлөлөө барих чадваргүй болох, юм мартах, нойргүйдэх, хэт мэдрэмтгий болох, ядрах зэрэг мэдрэл сэтгэхүйн өөрчлөлт гарч, бөөрний ажиллагаа муудаж буй шинжүүд илэрнэ. Олон улсын стандартаар нэг метр куб агаарт зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 0.05-0.1 мг юм. Хэрэв 10 мг-аас дээш байвал арьсаар эрчимтэй нэвтрэн орно. Энэ тохиолдолд бие ихээр загатнах, хэвийн бус улайлт өгөх, гар, хамар, хөлийн улны арьс зулгаран хуулрах шинж тэмдэгүүд илэрдэг байна.