8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Шүлхийгарсан аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Монгол улсын засгийн газар болон аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.
8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
8.1.1 Шүлхий өвчний гарч хорио цээр тогтоосон үед дараах бүсүүдийг тогтоож дор дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.
8.1.1.1 Халдварын голомтын бүс - Өвчин гарсан сумын нутаг дэвсгэрт бэлчээр, ус нэгтэй, мал нь хоорондоо нийлэх боломжтой, ойр, саахалт байгаа хэсэг хот айлуудын аль нэгнийд нь шүлхий өвчин гарсан тохиолдолд тэдгээрийг нийтэд нь халдварын голомт хэмээн үзэж мал эмнэлгийн хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, бусад хот айлуудаас зааглан тусгаарлаж, харуул, постууд гаргаж, тухайн бүсээс хүн, мал гадагш зорчихоос хамгаалах арга хэмжээ авна.
8.1.1.2. Сэжигтэй бүс - Бэлчээр, ус тусгаар боловч халдварын голомттой хил залгаа оршдог, мал нь өвчний халдвар авсан байж болзошгүй, одоогоор малд нь өвчний ил шинж тэмдэг илрээгүй байгаа хот айлуудыг хамруулан сэжигтэй бүсийн заагийг тодорхойлж, хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, байнгын харуул, пост гарган ажиллуулна. Сэжигтэй бүсийн өргөн нь 10 км–ээс доошгүй байх бөгөөд айлуудын байршлаас шалтгаална.
8.1.1.3 хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
8.1.1.3.1 Явган буюу аливаа хөсгөөр гадагш зорчих;
8.1.1.3.2 Мал, амьтныг гаднаас оруулах, гадагш гаргах, дамжин өнгөрүүлэх;
8.1.1.3.3 Мал, амьтны гаралтай түүхий эд бэлтгэх, гадагш гаргах, тээвэрлэх;
8.1.1.3.4 Мал эмнэлгийн албаны зөвшөөрөлгүйгээр мал, амьтны хөдөлгөөн хийх, нутаг бэлчээр сэлгэх, ердийн хөсөг, уналгаар зорчих;
8.1.1.3.5 Өвчтэй болон эрүүл мал, амьтныг шилжүүлэх, маллах;
8.1.1.3.6 Өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног төхөөрөмжийг бусад мал, амьтанд хэрэглэх, хашаа, байранд малын эмч, тухайн малчнаас өөр хүн оруулах.
8.1.1.3.7 Өвчтэй мал, амьтныг голомтын нутаг дэвсгэрийн гадна байгаа эрүүл мал, амьтантай бэлчээр, усаар нийлүүлэх;
8.1.1.3.8 Зөвшөөрөгдсөн цэг, зурвасаас бусад газраар голомт бүхий нутаг дэвсгэрт нэвтрэн орох, гарах, дамжин өнгөрөх;
8.1.1.3.9 Үзэсгэлэн гаргах, хурал цуглаан, баяр наадам хийх, хүн, мал, амьтныг олноор бөөгнөрүүлэх.
8.1.1.4 Голомтод гаднаас орох, голомтоос гарах зайлшгүй шаардлагатай тохиолдолд хүмүүсийн биеийн ил хэсгийг /нүүр, гар, толгой/ содын 4 хувийн уусмал буюу нимбэгийн хүчлийн 0.2 хувийн уусмалын аль нэгээр арчиж цэвэрлэнэ. Гадуур хувцас, тээврийн хэрэгслийг формальдегидын 16 хувийн уураар 30 минут утаж халдваргүйжүүлнэ.
8.1.1.5 Өвчлөмтгий малд өдөр бүр үзлэг хийж, өвчтэйг эрүүлээс нь яаралтай тусгаарлан зөвшөөрөгдсөн аргаар устгах, зохих зааврын дагуу халдваргүйжүүлэлт хийж, эрүүл малыг вакцинжуулна.
8.1.1.6 Хамгаалалтын бүс - Голомтын болон сэжигтэй бүсээс алслагдсан, өвчний халдвар эхэлснээс хойш дээрх бүсүүдээс хүн, мал тухайн нутаг дэвсгэрт орж ирээгүй, малд нь өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа хот айлуудыг хамруулан хамгаалалтын бүсийн заагийг тодорхойлж, хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтооно. Хамгаалалтын бүсийн өргөн нь сэжигтэй бүсээс 10 км–ын зайд байх бөгөөд өдрийн цагаар харуул, пост томилон ажиллуулна.
8.1.1.6.1 Хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагааг хориглоно:
8.1.1.6.2 Хүн, мал, амьтныг голомтын болон сэжигтэй бүсээс хамгаалалтын бүсэд нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх;
8.1.1.6.3 Хүн, мал, амьтныг хамгаалалтын бүсээс голомтын болон сэжигтэй бүсэд оруулах.
8.1.1.7 Хамгаалалтын бүсээс зайлшгүй шаардлагаар гарах, уг бүсэд оруулах тээврийн хэрэгслийн дугуйг формалины 4 хувийн уусмалаар бүрэн шүршиж халдваргүйжүүлнэ.
8.1.1.8 Эрүүл бүс - Хамгаалалтын бүсийн заагаас гадна орших, өвчний халдвар дамжаагүй нь баттай мэдэгдэж байгаа нутаг дэвсгэрийг эрүүл бүс гэж үзнэ.
8.1.1.9 Нэг сумын нутаг дэвсгэр дээр хоорондоо зайтай хэд хэдэн голомт үүссэн нөхцөлд тус бүрт нь дээрх бүсүүдийг тогтоох ба цаашид голомтууд ойртох тусам тэдгээрийг нэгтгэн нэг голомтод хамруулна. Сэжигтэй бүсийг хэд хэдэн голомтыг хамруулан нэгдсэн байдлаар зохион байгуулж болно.
8.1.1.10 Сумын нутаг дэвсгэрт олон тусдаа голомт үүссний улмаас бүхэлдээ сэжигтэй бүс болон хувирсан тохиолдолд сэжигтэй бүсийн заагийг сумын хилээр тогтоож, хорио цээрийн онцгой дэглэм хэрэгжүүлнэ.
8.1.1.11 Тогтоосон хорио цээрийн дэглэмийг устгал хийж өвчний шинж тэмдэг дахин илрээгүй, сүүлчийн вакцин тарьснаас хойш 21 хоногийн дараа бүх өвчлөмтгий малд мал эмнэлгийн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний үндсэн дээр хорио цээрийн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгах ;
8.1.1.12 Мал устгасан нөхөн төлбөрийн асуудлыг хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлж олгох ;
8.1.2 Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
8.1.2.1 Засаг даргын захирамжийн биелэлт, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлтэнд хяналт тавих ;
8.1.2.2 Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох ;
8.1.2.3 Мал устгал, вакцинжуулах ажлын явцад хяналт тавих
8.1.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
8.1.3.1 Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, баг, айл өрхөд мэдэгдэх ;
8.1.3.2 Өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллээр зохих шатны төрийн захиргааны байгууллагуудыг хангаж байх ;
8.1.3.3 Өвчинтэй тэмцэх болон мал, амьтныг эрүүлжүүлэх арга хэмжээг зааврын дагуу зохион байгуулах, эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх, малын хөдөлгөөнд хяналт тавих, эрүүл малыг голомтын бүсэд оруулахгүй байх;
8.1.3.4 Голомт, сэжигтэй болон хамгаалалтын бүсийн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, халуунгүй эрүүл малд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих ;
8.1.3.5 Халдварын голомтын хил хязгаарыг тогтоох, өвчин гарсан шалтгааныг судлан илрүүлэх ажлыг мэргэжлийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэх;
8.1.3.6 Өвчтэй, халдвар авсан, өвчний сэжигтэй мал, амьтны хашаа, байр, зогсоол, уяа, тоног хэрэгсэл, тэжээлийн үлдэгдэл зэргийг байнга халдваргүйжүүлэх;
8.1.3.7 Үхсэн болон устгах зорилгоор нядалсан мал, амьтны сэг зэмийг зааврын дагуу устгуулах;
8.1 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
8.1.3 Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх ;
8.1.4 Аймаг, нийслэл, дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;
8.1.5 Малын хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн болон технологийн дэглэмийг сахих;
8.1.6 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйжүүлэх ;
8.1.7 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх ;
8.1.8 Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх ;