10. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Боом өвчин гарсан хот айл, фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.
10.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
10.1.1 Хорио цээрийн дэглэм тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөнийг зогсоож үзэсгэлэн зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах;
10.1.2 Тогтоосон хорио цээрийн дэглэмийг өвчилсөн сүүлчийн мал эдгэрсэн юм уу үхсэн, сэргийлэх вакцин таригдснаас хойш 15 хоногийн дараа бүх малд мал эмнэлгийн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж хорио цээрийн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
10.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
10.2.1 Засаг даргын захирамжийн биелэлт, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлтэнд хяналт тавих ;
10.2.2 Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох ;
10.2.3 Өвчтэй малын эмчилгээ, арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих ;
10.2.4 Малын арьс, шир, үс, ноос бэлтгэх, боловсруулах, хадгалах байгууллага, газруудад байнгын хяналт тавих ;
10.2.5 Боомын голомтын бүртгэлжүүлэлт, тэмдэгжүүлэлтэнд хяналт тавих ;
10.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
10.3.1 Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, баг, айл өрхөд мэдэгдэх ;
10.3.2 Бүх малд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан ийлдсийн болон шинж тэмдгийн эмчилгээ хийх ;
10.3.3 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх ;
10.3.4 Эмнэл зүйн шинж илрээгүй, халуунгүй эрүүл малд сэргийлэх вакцин тарих;
10.3.5 Дулааны улиралд цус сорогч шавж, шумуул, хөх түрүүнээс сэргийлж боловсруулалт хийх ;
10.3.6 Өвчин гарсан хот айл, фермд тээврийн хэрэгсэл, хүн, малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх, мал нядлах, хүнсэнд хэрэглэх, худалдаалахыг хориглох ;
10.3.7 Малын боом өвчин гарсан тухай орон нутгийн Байгалийн голомт халдварт өвчинтэй тэмцэх газар болон эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх ;
10.3.8 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах ;
10.3.9 Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;
10.3.10 Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах ба голомтын байрлалыг албан ёсоор бүртгэлжүүлэх, голомтыг тусгай пайз бүхий шонгоор тэмдэгжүүлэх ;
10.3.11 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакцин ийлдсийг захиалж байх ;
10.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
10.4.1 Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх ;
10.4.2 Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх ;
10.4.3 Мал сүрэгт тарга хүч сайн авахуулах, тарга хүчийг тогтоох, хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих ;
10.4.4 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах ;
10.4.5 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх ;
10.4.6 Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх ;
10.4.7 Өвчтэй, өвчний сэжигтэй мал, амьтан болон үхсэн малын хүүр сэгтэй харьцахдаа хамгаалах хувцас хэрэгслийг байнга өмсөж байх, хүн эмнэлгийн байгууллагад хандаж үзлэг, шинжилгээнд хамрагдах
10.5 Мал нядлах болон мах боловсруулах үйлдвэрт авах арга хэмжээ:
10.5.1 Малд нядлахын өмнөх болон нядласны дараах гулууз, дотор эрхтнүүдэд хийх мал эмнэлэг ариун цэврийн үзлэгийг зааврын дагуу хийж гүйцэтгэх ;
10.5.2 Үзлэгээр сэжигтэй зүйл илэрвэл дээж авч лабораторид илгээж оношийг батлагаажуулах ;
10.5.3 Боом өвчний сэжиг илэрвэл мал нядлах болон мах боловсруулах ажиллагааг шууд зогсоож хорио цээрийн арга хэмжээ авах ;
10.5.4 Дурандах шинжилгээгээр сэжигтэй гулууз, дотор эрхтнүүдээс боом өвчний үүсгэгч илэрвэл нян судлалын шинжилгээний дүнг хүлээлгүйгээр гулуузыг арьс, дотор эрхтэн, бусад дагалдах зүйлсийн хамт устгаж халдваргүйжүүлэх ;
10.5.5 Нядлагаанд оруулахаар бэлтгэсэн бүх малд мал эмнэлгийн эрүүл мэндийн үзлэг хийж биеийн халууныг үзэх, биеийн халуун нэмэгдсэн малд эмчилгээ хийх ;
10.5.6 Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, халуураагүй малд ийлдэс тарьж өдөр бүр эрүүл мэндийн үзлэг хийж халууныг нь үзэх ;
10.5.7 Эмчилгээ хийсэн, вакцин, ийлдэс тарьсан малыг хорио цээрийг татан буулгасны дараа ариун цэврийн нядлагаанд оруулах ;
10.6 Хүнсний зах, мах худалдаалдаг газарт авах арга хэмжээ:
10.6.1 Хүнсний захад худалдаалагдах бүх малын гулууз, дотор эрхтэнд мал эмнэлэг ариун цэврийн үзлэг заавал хийх, гулууз, толгойн тунгалгийн зангилаанууд болон цуллагийн эрхтэнд үзлэг хийх
10.6.2 Худалдаалагдах гулууз нь заавал толгой, дотор эрхтнүүдийн хамт байна. Толгой, дотор эрхтэнгүй гулуузыг лабораторийн шинжилгээнд оруулсны дараа худалдаалахыг зөвшөөрөх
10.6.3 Гулуузтайгаа үзлэг ороогүй толгой, дотор эрхтнийг худалдаалахыг хориглох
10.6.4 Хүнсний захад худалдаалагдаж байгаа мах, дотор эрхтэн нь тайван бүс нутгаас бэлтгэгдсэн болохыг батласан гарал үүслийн гэрчилгээтэй байх
10.6.5 Үзлэгээр боом өвчний сэжиг илэрвэл хүнсний захын ажиллагааг зогсоож хорио цээрийн арга хэмжээ авах
10.6.6 Лабораторийн шинжилгээгээр онош батлагдвал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх