• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Халдвар хамгааллын хувцсыг өмсөх, тайлах заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

1. Зориулалт
 Халдвар хамгааллын хувцас хэрэглэх нь халдвартай болон халдварын сэжигтэй эмгэгт материал, мал, амьтантай харьцах, лабораторид ажиллах үед малын эмч, шинжээч, туслах ажилтныг халдварт өртөх эрсдлээс хамгаалах явдал юм.

2. Халдвар хамгааллын хувцас нь дараах иж бүрдлээс бүрдэнэ.

2.1 Комбинзон. Ажиллагч хүний биеийн арьс, ажлын хувцсыг биологийн бохирдлоос хамгаална. Комбинзоныг усанд тэсвэртэй материалаар хийсэн байна. Комбинзоны дотуур лабораторийн ажлын хувцас, гутал өмсөнө.

2.2 Гутлын углааш. Комбинзон өмсөж дараа нь углаашийг давхар углаж өмсөнө.

2.3 Амьсгалын хошуувч. Энэ нь амьсгалын замаар халдвар авахаас хамгаална.

2.4 Нүдний шил. Нүдний шил нь үсэрсэн эмгэгт материал, шингэн зэргээс нүд, нүүрийг хамгаална. Нүдний шил нь нүдний тойронд нягт сууж яг таарсан байх ёстой. Ердийн нүдний шилийг хамгаалалтын шилний оронд хэрэглэхийг хориглоно. Хамгаалалтын шилийг нүдний харааны шилэн дээр давхар зүүж болно.

2.5 Хормогч. Хормогчийг комбинзон дээрээ өмсөх бөгөөд комбинзоныг гадны элдэв бохирдлоос хамгаална.

2.6 Бээлий. Ариутгаагүй, нитрилээр хийсэн хоёр хос бээлий байна. Эдгээр бээлийг давхарлаж өмсөнө.

2.7 Нойтон цаасан алчуур. Гадна талын бээлийг тайлахын өмнө нойтон цаасан алчуураар арчиж бохирдлоос цэвэрлэнэ.

2.8 Халдваргүйжүүлэх зориулалт бүхий нойтон цаасан алчуур. Эмгэгт материал, шингэнээр бохирдсон байж болох арьс, хувцас тайлсны дараа дотор талын бээлийг халдваргүйжүүлж цэвэрлэхэд ашиглана.

2.9 Хэрэглэсэн хувцас, хэрэгслийг хийх хог хаягдлын уут. Ашигласан халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг энэ уутанд хийж устгах арга хэмжээ авна.

3. Халдвар хамгааллын хувцсыг өмсөх дараалал

3.1     Юуны өмнө тухайн ажилтан нь өөрт тохирсон хэмжээний хувцсыг сонгоно. Хэрвээ таарсан бол өмсөхөд чөлөөтэй, ямар нэгэн байдлаар хөдөлгөөнийг хязгаарлахгүй байна. Эхлэж комбинзоноо өмсөнө. Дараа нь комбинзоны цахилгааныг татна.

3.2     Гутлын углаашийг углана.

3.3 Амьсгалын хошуувч зүүнэ.

3.4     Нүдний шил зүүнэ.

3.5     Амьсгалын хошуувч, нүдний шилээ зүүсний дараа комбинзоны малгайг татаж толгойдоо углана.

3.6     Хормогчоо зүүнэ.Хормогчийг уутнаас нь гаргаж хүзүүндээ углаж бүчийг нь ар нуруундаа уяж зангидна.

3.7     Бээлийг өмсөнө. Эхлээд цагаан буюу тунгалаг бээлийг өмсөөд дараа нь бараан өнгөтэй бээлийг давхарлаж өмсөнө.

4. Халдвар хамгааллын хувцсыг тайлах дараалал

4.1     Хормогчоо тайлж хог хаягдлын уутанд хийнэ.

4.2     Гадна бээлийг нойтон цаасан алчуураар арчиж хэрэглэсэн цаасан алчуураахаягдлын уутанд хийнэ.

4.3 Гутлын углаашны дээд ирмэгээс барьж тайлаад хаягдлын уутанд хийнэ. 

4.4     Гадна талын бээлийг тайлаад хаягдлын уутанд хийнэ.

4.5     Комбинзоныг юүдэн талаас эхлэндотрыг нь гадагш эргүүлж доош хуйлж тайлах бөгөөд хаягдлын уутанд хийнэ.

4.6     Нүдний шилээ чангалагч уяанаас дээшээ татаж тайлаад хаягдлын уутанд хийнэ.

4.7     Амьсгалын хошуувчийн дээд талын уяаг эхлэж мултаж тайлаад дараа нь доод талын уяаг толгой дээгүүрээ мултаж тайлан хаягдлын уутанд хийнэ.

4.8     Дотор талын бээлийг тайлаад хаягдлын уутанд хийнэ.

4.9     Гараа халдваргүйжүүлэх зориулалт бүхий нойтон цаасан алчуураар арчиж хэрэглэсэн хаягдлын уутанд хийнэ.

4.10  Хаягдлын уутныхаа амыг нь хааж зангидаж уяна.

4.11  Гараа угаана.

 5. Гар угаах

5.1     Гараа усаар норгож савандана. Цоргоны ус хэрэглээгүй тохиолдолд савтай уснаас хүнээр гар дээрээ хийлгүүлнэ.

5.2     Савандсаны дараа гараа хөөсөртөл 20 секунд үрж угаана.

5.3     Гараа усаар сайтар булхаж зайлна.

5.4     Гараа агаарт хатаах юм уу алчуураар арчина.

 6. Халдвар хамгааллын хувцас өмсөх үед анхаарах зүйл

6.1  Халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг зөвхөн нэг удаа хэрэглэнэ. Дахин юм уу угаагаад хэрэглэхийг хориглоно.

6.2 Халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг хэрэглэхтэй холбоотой зааварчилгааг урьдчилан өгөх ба эрүүл мэндийн хувьд тохирохгүй хүнд хэрэглэхийг хориглоно.

6.3 Халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг хэрэглэж байгаа үедээ амьсгалын хошуувч, нүдний шил зэргийг тайлахыг хориглоно.

6.4 Халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл урагдах юм уу бохирдвол нэн даруй солино. Ажил завсарлаж дараа нь дахин ажиллахаар бол шинэ хувцас өмсөнө.

6.5 Халдвар хамгааллын хувцас, хэрэгсэлийг өмсөх, тайлах газрыг урьдчилан тогтоосон байвал зохино.

 7. Халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг устгах, халдваргүй болгох

7.1 Халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг тайлахдаа халдварын аюултай бүсээс гарсан байна.

7.2  Хэрэглэсэн халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг шатаах юм уу автоклавдаж устгана.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.