• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Төлийн булчин цайх өвчин


Хурга, ишиг, тугал, ботгоны их биеийн болон зүрхний булчинд сөнөрөх, үхжих өөрчлөлт үүсгэдэг бодисын солилцооны хямралыг булчин цайх өвчин гэдэг. Уг өвчинд өртсөн төлийн гэмтсэн булчингууд цайвар өнгөтэй болдогоос ийм нэр авчээ.  

Төл өвчлөх нөхцөл, шалтгаан

Энэ өвчин Архангай, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Баян-Өлгий аймгийн өндөр уулын бэлчээрт, мөн Хэнтий, Төв, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн тариалан эрхэлдэг нутагт илэрдэг бөгөөд 12 аймгийн 81 сумын 380 гаруй нутагт бүртгэгдээд байна. Эдгээр нь өндөр уулын үетэн, өлөн дагнан зонхилсон ургамалтай, хурын усанд байнга угаагддаг, 2000 м-ээс өндөр бэлчээртэй, мөн малаа тарианы гуурсанд бэлчээдэг, үр тариа, сүрлээр байнга тэжээдэг аж ахуйн нутаг юм.

Дурьдсан нутгийн хөрс, ургамалд селен, кобальт, иод, цайр зэрэг химийн махбодууд, Е, А витамин бага, ханаагүй тосны хүчил ихтэй байна. Ийм бэлчээрт хээл тээх үедээ удаан хугацаанд байсан малаас төрсөн төлийн биед энэ дурьдсан махбодууд дутагдсанаас бодисын солилцооны хүнд хямрал үүсдэг.

Энэ өвчнөөр хурга, ишиг элбэг, тугал, ботго хааяа өвчилдөг. Өвчлөл 1 дүгээр сараас мэр сэр гарч эхлэх ба 3-4 дүгээр сард хамгийн олон төл өвчилж, 5 дугаар сарын сүүлчээр зогсох ба ихэвчлэн 10-45 хоногийн настай хурга, ишгэнд илэрнэ. Түүнчлэн төл эхийн хэвлийд байхдаа өвчлөөд дутуу гарах, үхсэн гарах, нялх байхдаа үхэх явдал бий. Өвчлөөд эдгэрсэн хурга, ишиг дараагийн хавар төлөг, борлон насандаа үхэх тохиолдол ч таардаг.

Өвчилсөн хурга, ишигний үс бүрзийн өнгөө алдаж, нүд нь ёнхойн харц нь бүүдийж, хөдөлгөөн багатай, сул дорой болно. Нуруугаа хомбойлгон толгойгоо унжуулан зогсох юм уу ихэвчлэн хэвтэх ба явахдаа гуйван бээцэгнэнэ. Цаашид төлийн бие улам суларч, шингэн шүлс гарах, дуу нь сөөнгө болох, хөл дээрээ зогсож чадахгүй өвдөглөн мөлхөх, хойд хоёр хөл нь мэдээгүй болох, сагагны үеэр нугарч хумслан гишгэх, бөгсөөрөө суух зэрэг шинж тэмдэг илэрнэ. Сүүлдээ огт босож чадахгүй тэрийж хэвтэнэ. Зарим тохиолдолд төл гэнэт унаж таталдаж байгаад үхдэг.

Өвчилсөн тугал хүзүүгээ гүлдийлгэн эрүүгээ газар тавьж хэвтэнэ. Босох дургүй болж бөгс нь гуйвах ба дөрвөн хөлөө алцайж зогсоно. Хойд хоёр хөл нь борви, сагагаараа нугарч бөгсөн тал нь унжуу болно. Ийм шинж илрэхийн өмнө тугал бага зэрэг чацга алдана. Үүнийг малчид “чацга нь хөл рүүгээ буув” гэж ярьдаг.

Ботго явахдаа хол гишгэж чадахгүй гуйвна. Хойд хоёр хөлөө их алцайж, бөгс нь доош унжиж шавж байгаа буур шиг харагдана.

Аль булчин нь илүү гэмтсэнээс хамаарч энэ өвчин дараах 3 хэлбэрээр илэрнэ:

Зүрхний хэлбэр. Зүрхний булчингийн гүнзгий өөрчлөлтийн улмаас төл гэнэт үхнэ. Нэлээд хөрвөжсөн тарган хурга ингэж үхэх явдал тохиолдоно.

Их биеийн хэлбэр. Их биеийн булчингийн гэмтэл давамгайлж байвал мөч сулрах, хөдөлгөөн муудах, мөлхөх, бөгс нь ороолдох, гуйвах, нуруу нь хомбойх, оцойж суух, босож чадахгүй болох зэрэг шинж илэрнэ.

Холимог хэлбэр. Зүрх, их биеийн булчингийн гэмтэл зэрэгцвэл маш хүнд өвчилж амархан үхнэ.

Өвчлөөд үхсэн төлийн биед ямар өөрчлөлт ажиглагдах вэ?

Их биеийн булчингийн нэлэнхүй нэрвэгдлийн үед бараг бүх булчин цайвар буюу цагаан шаргал өнгөтэй болно. Ихэнх тохиолдолд булчингийн нэрвэгдэл голомтолсон байдалтай байна. Зарим булчин бүхлээрээ, эсвэл түүний зарим хэсэг нь цайсан, эсвэл цагаан өнгийн судал, зурвас, цэг, зураас үүснэ. Огтолж үзэхэд цагаан цайвар, шаргалдуу өнгөтэй, хуурайвтар болсон байна. Их өөрчлөгдсөн булчин булчирхай шиг бэржгэр, бүдүүн ширхэгтэй болно. Заримдаа шохойжиж, огтлоход шажигнана.

Дал, бугалга, хүзүү, нуруу, хондлойн булчин хамгийн их нэрвэгдэнэ. Архаг тохиолдолд хавирга, өрц, залгиур, төвөнх, хэлний угийн булчин цайж өөрчлөгдөнө.

Зүрх бөөрөнхийдүү хэлбэртэй болно. Баруун ховдлын хана нимгэрч цүлхийсэн, зүрхний үзүүр нимгэрч бултайсан, доторх зүйл нэвт харагдахуйц болсон байна. Нэлэнхүй өөрчлөлттэй бол зүрх бүхэлдээ чанасан мэт цайвар бор, цагаан цайвар харагдана. Голомтолсон өөрчлөлттэй зүрхний гадарга дээр цагаан толбо, зурвас үзэгдэнэ. Ийм өөрчлөлт ихэвчлэн баруун ховдол, үзүүрт үүснэ. Зүрхний дотор бүрхүүлд цагаан толбо, зураас үүсэх ба бас нэлэнхүйдээ цайрсан байж болно.

Өвчилсөн төлийг эмчлэх боломж бий

Селен, Е витамины бэлдмэлийг хослуулан хэрэглэж эмчилнэ. Цаг алдалгүй чанартай эмээр тохирсон тунгаар эмчилбэл үр дүн сайтай.

Энэ өвчнөөс яаж сэргийлэх вэ?

Өндөр уулын нугын болон голын татмын өлөнт бэлчээрийг дагнан удаан хугацаанд ашиглалгүй хөдөө хээрийн олон янзын ургамалтай бэлчээртэй хослуулна.

Тарианы гуурсанд малыг удаан хугацаанд дагнан бэлчээхгүй. Байгалийн олон янзын ургамалтай бэлчээрийг хослуулан ашиглана.

Хөдөө хээрийн хурын усанд бага угаагдсан талбайд бэлтгэсэн элдэв өвстэй хадлан бэлтгэж хэрэглэнэ.

Энэ өвчин байнга гардаг нутагт эм хонь, ямааг төллөхөөс нь 20-30 хоногийн өмнө селен, Е витамины бэлдмэлээр тарьдаг. Мөн нялх төлийг ийм бэлдмэлээр 2-3 удаа тарьдаг. Шинэ ногоо гарснаас хойш төлийг тарих шаардлагагүй.

Зун, намарт малаа сайн таргалуулна. Өндөр уулын болон голын татмын нугын бэлчээрт удаан байдаг малыг хөдөө хээрийн элдэв өвст бэлчээрт оторлоно. Хээлтэй малд сайн хужир, витамины холимог, бичил махбодын холимог зэрэг нэмэгдэл тэжээл өгнө. Төлийг олон янзын ургамалтай ногоон өвс, давс, хужраар хангана.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.